Цөөн үгээр

- МАНДАЛ СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ - ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ - ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС #СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Мандал сумын газрын даамал А.Уранзаяатай газар олголт болон газрын маргааны талаар ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 3572

Сэлэнгэ аймгийн Мандал сумын газрын даамал А.Уранзаяатай газар олголт болон газрын маргааны талаар ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

-Та газар олголтын талаар иргэдэд тайлбар мэдээлэл өгнө үү?

Мандал сумын хэмжээнд 8471 иргэнд 2831,4 га газрыг өмчлүүлсэн байгаа. Энэ нь сумын нийт газар нутгийн 31,09 га газар өмчлөгдсөн гэсэн үг. Манай сумын хэмжээнд нийт газрын 70%-ийг ойн сан бүхий газар эзэлдэг 20%-ийг сууршилийн бүс газар эзэлдэг тийм учраас өмчлүүлэх газар хомс, хүн ам ихтэй юм. 2003-2015 оны хооронд газар хүссэн 5700-д өргөдөл байсаныг 2015,2016,2017 онуудад Дууш хайрхан, Баруун өлөнтийн хойно, Дунд өлөнтийн хойно, Баянхангайн хойно, 41-р зөрлөгийн урд болон хойно, 46-р зөрлөгийн урд болон хойно, 253-р зөрлөг, Билүүт, Хужирт, Түнхэл, Нарстай гээд бүх л боломжит газруудаа өмчлүүлсэн. Одоо шинээр газар өмчлөх нөөц байхгүй. Өнгөрсөн жил Баянголын хойно Өлөнтийн амруу 200-д иргэнд газар олгосон байгаа. Ерөнхийдөө өөр сумаас олгох боломжит газруудыг шийдвэрлэж байгаа. Өмнөх өргөдөл өгсөн нийт хүнээс одоогоор шийдвэрлэгдээгүй 2300-д өргөдөл байна.

-Үлдсэн өргөдөлийн шийдвэр хэзээ гарах вэ?

Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг олгодог. Манай сумын хувьд энэ жил 200-д иргэнд Дунд өлөнтийн хойно газар олгохоор тусгасан. 11 сарын сүүлээр газраа өгнө. Газар олгох үйл ажиллагааг хуулиндаа 30 хоногт шйидвэрлэхээр заасан байдаг. Харин газар нь шийдвэрлэгдэгүй 7,8 жил болж байгаа иргэний хувьд газар нутаг байхгүйгээс болж байгаа юм.

-Газрын маргааны талаар?

Газрын даамалууд газар чөлөөлөх мэдэгдэл өгөөд түүний дагуу байгаль орчны улсын байцаагч зөрчлийн тухай хуулиар болон газрын тухай хуулиар арга хэмжээ авдаг. Бид маргааныг аль болох байгаль орчны улсын байцаагчид шилжүүлэхгүйгээр газар дээр нь шийдвэрлэх тал дээр ажилладаг. Энэ жилийн хувьд 21 иргэнд газар чөлөөлөх мэдэгдэл өгсөн. 10-д нь шийдвэрлэгдсэн үлдсэн 11 нь байгаль орчны улсын байцаагчид шилжсэн.  Газрын тухай хуулийн 57-р зүйлийн дагуу газрын маргааныг ажлын 14 хоногт шийдвэрлэнэ гэж заасан боловч зарим тохиолдолд хугацаа сунадаг.

-Танай дээр иргэд ямар асуудлаар гол төлөв ирдэг вэ?

Газраа өмчлөх болон эрх шилжүүлэхийг хүссэн иргэд маш их ирдэг. Мөн өвөлжөөний газар авах гэсэн иргэд ирдэг. Газраа кадастрын мэдээллийн санд оруулаагүй 250-д иргэд байгаа. Улсын бүртгэл болон барилга хот байгуулалтын газрын хамтарсан системийн дагуу газар эзэмших гэрчилгээнд давхар Э дугаар авч улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал байгаа. Энэ нь ажлын 5 хоногт аймгаас улсын бүртгэлийн дугаар ирэхийг хүлээдэг тул энэ асуудал дээр хүлээлт үүсдэг.

-Хаягжилтын тухай?

Хаягжилтын тухай хуулийн дагуу Мандал суманд байгаа бүх хаяг өөрчлөгдөж байгаа. Өмнө нь багийн дарга нар хаяг өгдөг байсан бол одоо манай газрын алба хаяг өгч байна. Дугаарлалт нь цагийн зүүний дагуу явж байгаа. Жишээлбэл нэгдүгээр гудамжинд байгаа айлууд бүгд 100-р дугаарлагдаад хоёр дах гудамжнууд нь 200-р дугаарлагдаж байгаа. Хаяг өөрчлөгдсөнөөр улсын бүртгэлийн мэдээллийн сан нь өөрчлөгдлөнө. Харин гэрчилгээгээ солих шаардлагагүй.

-Газрын гэрчилгээгээ гээгдүүлсэн бол яах вэ?

Газар өмчлөх гэрчилгээгээ гээгдүүлсэн бол үл хөдлөхөд хандаж авна. Харин газар эзэмших гэрчилгээгээ гээгдүүлсэн бол манайд хандана. Эзэмших гэрчилгээгээ дахин авахдаа иргэний үнэмлэхний хуулбар, өдөр тутмын сонинд зарлуулсан бичиг эсвэл сонин нь эх хувиараа, тэмдэгтийн хураамж 6000 төгрөг, мөн банкны барьцаанд байхгүй гэсэн бичиг авч ирээд сумын засаг даргын захирамжаар дахин гэрчилгээ нь гарна.

-Ярилцсанд баярлалаа

Баярлалаа

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ