Цөөн үгээр

- Нийтийн эзэмшлийн талбайд тарьсан моднуудыг хугалж, гэмтээх бэрхшээлүүд их гарч байна - ШШГХ-413 дугаар хаалттай хорих анги хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа - “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН АЛБАНД САРДАА 20-30 АЖЛЫН САНАЛ ИРДЭГ

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 1542

Танайх ажил хайгч болон ажил олгочийг хооронд нь хэрхэн холбодог вэ?

Хөдөлмөр эрхлэлтийн албанд ААНБ-ууд сул чөлөөтэй  байгаа ажлын байраа захиалагын маягт бөглөн өгч мэдээллэдэг. Үүний дагуу тохирох мэргэжилтэй ажил хайгчаар бүртгүүлсэн иргэдээсээ зуучлан ажилд оруулдаг. Манайд жилдээ 300-400 ажил хайгч шинээр бүртгүүлдэг бөгөөд эдгээрээс ойролцоогоор 80% нь ажилд зуучлагдан ордог. Үүнээс гадна өөрсдөө хүний нөөцийн албатай томоохон байгууллагууд болох төмөр зам, эмнэлэг, хууль хүчний байгууллагууд, улсын сургууль, цэцэрлэгүүдийн ажлын байрны санал манайд ирдэггүй.

Ажил олгогч байгууллагуудын санал болгож буй дундаж цалин хэд байдаг вэ?

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320.000-450.000 харин дээд боловсрол, ажлын туршлага шаардаж байгаа газрууд нь 500.000-1.000.000 төгрөг хүртэл, томоохон хувийн байгууллагуудын цалин нь арай өндөр байдаг.

Сардаа ирж байгаа ажлын байрны саналаас ихэнхдээ ямар ажлын санал их байдаг вэ?

Угаагч, бэлтгэгч, маникюрчин, туслах тогооч, харуул, үйлчлэгч зэрэг ажлууд их ирдэг. Мөн улирал улиралаасаа шалтгаалаад ажлын санал янз бүр байдаг. Жишээ нь намар цэцэрлэг, сургууль, коллежийн багш ажилчид хавар хөдөө ажиллах боломжтой уул уурхай, модны аж ахуй нэгжид туслах ажилчид мөн газар тариалангын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад ажилтан авах хүсэлт их ирдэг.

Ажил хайгч иргэд насны хувьд хэдээс хэдэн насныхан байдаг вэ?

Ихэнхдээ их дээд сургууль төгсөөд ирсэн залуучууд, мөн 35-45 насныхан байдаг. Бидний явуулдаг тандан судалгаагаар 10-15 жилийн хугацаанд нэг газраа тогтвортой ажиллаад ажлаа солих хүсэлтэй иргэд эсвэл цэрэг, хүчний байгууллагад ажиллаад эрт тэтгэвэртэй гарсан иргэд идэвхитэй ажил хайж байгаа харагддаг.

Танайх нээлттэй ажлын байрныхаа зарлалыг ямар мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан иргэдэд хүргэдэг вэ?

Манайх “Мандал сум хөдөлмөр эрхлэлтийн алба”, “Мандал сумын ЗДТГ” гэсэн фейсбүүк группууд болон Зүүнхараа захын зар зэрэг мэдээллийн хэрэгсэлээр заруудаа тавьдаг. Мөн Засаг даргын тамгын газрын 107 тоотод ирж мэдээлэл авч болно.

 

Танайх хувь хүний нууцыг хэрхэн хамгаалдаг вэ?

Манайд ажил хайгч иргэд дэлгэрэнгүй анкет бөглөдөг. Бид анкет тус бүртэй танилцаж, тусгай программд шивдэг бөгөөд хувь хүний нууцийг хамгаалах хуулийн дагуу гадагш задруулахгүй зөвхөн байгууллага болон ажил олгогчийн захиалагын дагуу мэргэжил, ур чадвар, нас, цалингын хүсэлттэй тохирох иргэний мэдээллийг судлан утсаар холбогдож тухайн иргэнд санал тавин харилцан зөвшилцсөний үндсэн дээр шийддэг.

Ажилд зуучлахад хүндрэлтэй асуудал юу байдаг вэ?

Сардаа 20-30 ажлын захиалга ирдэг. Нэгдүгээрт шалгуурыг хангах ажилтан олддоггүй, хоёрдугаарт бүртгэлтэй байгаа иргэд цалингаа голох юм уу эсвэл өөртөө итгэлгүй байх хандлага ажиглагддаг.

Ажил идэвхитэй хайж буй иргэд юун дээр анхаарвал зохих вэ?

Юун түрүүнд хувийн зохион байгуулалт сайтай, тууштай, ажил хийе гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй байх хэрэгтэй. Ажил хайгч иргэдийн нийтлэг алдааг ажиглаад байхад цалингаа голдог, хэсэг ажиллаад ажлаа орхидог, цаг барьдаггүй зэрэг асуудлууд түгээмэл байдаг.

Ярилцсанд баярлалаа

Баярлалаа

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ