Цөөн үгээр

- МАНДАЛ СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ - ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ - ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС #СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

АТРЫН 60 ЖИЛИЙН ОЙ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЛОО

Нийтэлсэн: 12 сарын өмнө Үзсэн: 2292

Атар газрыг шинжлэх ухааны үндэслэлтэй эзэмшсэний түүхт 60 жилийн ой ёслол төгөлдөр боллоо. Ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Монгол улсын 29 дэх ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч Б.Нарантуяа, Мандал сумын ИТХ-ын дарга Б.Ганболд, Засаг дарга Н.Лхагвадорж,  болон бусад холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирж баярын үг хэллээ.

Мандал сумын газар тариалангийн салбар нь тэртээ 1912 онд Монголын төр шашны тэргүүн Жавзандамба хутагтын зарлигаар Ноён-Уулын ар Билүүтэд “Богдын тариалангийн сан”-гийн газар байгуулж буудай тарьсанаас үүдэлтэй. Улмаар  Ардын засгийн газраас “Богдын тариалангийн сан”-г улсын өмч болгон “Хараа дахь улсын сангийн тариалан” хэмээн нэрлэж, 1923 оны 6дугаар сарын 25 нд анхны сангийн тариалангийн газрыг байгуулсан нь шинэ үеийн Зүүнхараагийн Сангийн аж ахуйн эх үндэс тавигдсан юм..

Эдүгээ Зүүнхараагийн Сангийн аж ахуйн суурин дээр 50 гаруй компани, нөхөрлөл байгуулагдан үйл ажиллагаа явуулахаас гадна  1100 гаруй өрхийн тариалан эрхлэгчид бие даан газар тариалангийн салбарт ажиллаж, 17,5 мянган га талбайгаа бүрэн ашиглаж, жилд дундажаар 8-10 мянган тн үр тариа, тэжээлийн ургамал, 6 мянган тн төмс, 7,5 мянган тн хүнсний ногоо үйлдвэрлэж, хүн зоноо эх нутаг нутгийнхаа хөрсөнд ургуулсан баталгаат хүнсээр хангах үүргээ нэр төртэй биелүүлж, амжилт бүтээлээрээ түүчээлсээр явна. Мандал сум нь дангаараа Сэлэнгэ аймгийн нийт төмсний үйлдвэрлэлийн 16 хувь, хүнсний ногооны 21 хувийг бүрдүүлж, нарийн ногоо, тэр дундаа эртийн байцаа, эртийн лууванг брэнд болгон улсын хэмжээнд эрт нийлүүлдэг төдийгүй өнгөрсөн 2018 онд аймагтаа  нэгж га талбайгаас хамгийн их буюу 171,2 цн хүнсний ногоо хураан авч тэргүүлсэн сумаар шалгарсан юм.

Түүхт 60 жилийн ойг угтан тариаланчдын дунд “Хаврын баяр” спортын олон төрөлт тэмцээн, Улсын уран хагалгааны хошой аварга С.Борхүү агсны нэрэмжит Мандал сумын уран хагалгааны аварга шалгаруулах тэмцээн зэргийг амжилттай зохион байгуулж, Хэрх тосгонд атарчдын дурсгалд зориулсан цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулж, “Атар-60” дурсгалын хөшөө босгож, туршлага судлах аялал, бордооны үйлдвэр, Улсын Их хурлын чуулгантай танилцуулж, тариаланчид ногоочдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна. Мөн “Атар-60 жилийн ой, Ургацын баяр-2019” арга хэмжээг зохион байгуулж, Зүүнхараа Сангийн аж ахуйн суурин дээр үүссэн Хэрх тосгонд, Мөнгөн хараа Дуу бүжгийн чуулгад Баярын хурал, хүндэтгэлийн тоглолтонд 500 гаруй зочид, анхны атарчид, ахмад тариаланчид, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ууд, тариаланчид, ногоочид оролцож, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 4, Алтан гадас одонгоор 12, Хөдөлмөрийн хүндэт медалиар 6, Атарчдын алдар медалиар 28, Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр 26, Яамны жуух бичгээр 18, Сэлэнгэ аймгийн Засаг даргын жуух бичгээр 2, Сумын Засаг даргын жуух бичгээр 14, Атар 60 жилийн улсын ойн медалиар 270, аймгийн ойн медалиар 70 иргэний хөдөлмөр зүтгэлийг үнэлж шагналаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ