Цөөн үгээр

- Сэлэнгэ зүүнхараа ОНӨААТҮГ-н уурын зуухыг хийн халаалтаар халаах шийдэлд хүрлээ. - Авто замын хучилт нь өнөөдрийн байдлаар чанар, стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул Засаг дарга Н.Лхагвадорж холбогдох компанийн удирдлагуудыг чанар стандартыг норм дүрэмд нийцүүлэхийг үүрэг болголоо. - ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Танилцуулга

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 768
ШШГЕГ-ын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Алба нь анх Сайд нарын зөвлөлийн 1937.08.06-ны  өдрийн 20 дугаар тогтоолоор Мал тариалангийн яамны харъяа Хараагийн тариалангийн аж ахуйг ДЯЯ-ны мэдэлд шилжүүлж, Засан сайжруулах газрын хоригдол ажиллуулах лагерь байгуулахаар тогтсоноос үүсэлтэй ажээ. Энэ үеэс Зүүнхараагийн хорих ангийн анх байгуулагдсан түүхэн эхлэл тавигдсан гэж үзэж болно.
 
Анхны даргаар хошууч Ө.Чулуун, орлогч даргаар нь хичээнгүй цолтой Ш.Дамдин нар ажиллаж байжээ.
 
Эхний үед тус лагерьт тагнуулын хэрэгтэн өвөр Монгол, хувьсгалын эсэргүү хэрэгтэн лам хуварга зэрэг 10-25 жилийн ялтай 800 гаруй хүн хоригдож байсан байна.
 
Тус байгууллага нь Хараагийн сав нутагт газар тариалан, шувууны аж ахуй, мод бэлтгэлийн ажил эрхлэн спирт үйлдвэрлэж, Бороод алт олборлож байсан түүхэн баримт олон байдаг.
 
     1940 оноос лагерь өргөжин ажлын цар хүрээ, далайц нэмэгдэн газар тариалан, гахай, шувуу үржүүлэх, эх орны дайны жилүүдэд цэргийн агт морьдын тэжээл бэлтгэх, эмээл хазаар хийх, гурил үйлдвэрлэн талх хийж, цэргийн хоол хүнсийг бэлтгэж байсан байна.
 
        Хараа голын нугасан тохойд Зөвлөлтийн мэргэжилтэн Гельзев, Феодров нарын туслалцаатай усан тээрэм байгуулан анхны даргаар дэслэгч цолтой Лувсангомбо 40 гаруй хоригдлыг удирдан 800-гаад хоригдлын хэрэгцээт гурил, талх хийж байв. Тэд үүргээр ч зогсохгүй дайны хүнд үед цэргийн хоол хүнсэнд гурил нийлүүлж байснаас үзэхэд хоригдлын хүчийг нийгмийн тустай үйлд ашиглах, тэднийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх ажил тус лагерьт өрнөжээ.
 
БНМАУ-ын СНЗ-ийн 1954 оны 112 дугаар тогтоолоор Хараа лагерийн мал аж ахуй газар тариаланг мал аж ахуйн яаманд хүнсний болон эдэлхүүний жижиг аж ахуйг Хүнсний үйлдвэрийн яаманд шилжүүлж лагерийн байршил, үйлдвэрлэлийн чиглэлийг өөрчилжээ.
 
1954 онд Бороод колони байгуулан алт олдворлож, Ерөө, Бугантанд мод бэлтгэж, хоригдлуудыг гэрээгээр ажиллуулж, Зүүнхараагийн Балж үдлэгт мод бэлтгэн зам засварлах ажил хийж байсан юм. Түүнчлэн 1956 онд Түнхэлд мод бэлтгэх 2 дугаар лагерийг салбар болгон байгуулж, Улаанбаатар хотын түлээний аж ахуй, цэрэг нийгмийн аюулаас хамгаалах яамны аж ахуйн түлшний мод нийлүүлж байв. БНМАУ-ын СНЗ-ийн 1957 оны 447 дугаар тогтоолоор хоригдол хүмүүстэй ажиллах албан хаагчдын орон тооны норматив, үйлдвэрийн төлөвлөгөөг тогтоосонтой холбогдуулан жилийн 365 хоногт хоригдлын хүчийг 90%-иар ашиглахаар хэсгийн зохион байгуулалтанд оруулсантай холбогдуулж тус лагерьт хэсгийн зохион байгулалтаар мод бэлтгэж эхлэв.
 
        1980 онд ЗХБУГ-ын Зүүнхараа дахь ЗХХ Колони болон өргөжиж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх зорилгоор Бэрлэг дэхь ЗХХ Колонийг байгуулж түүхий эд, материалаар хангах, Дарьт дахь Ой үржүүлэх ангийг татан буулгаж тус колонид нийлүүлсэн нь үр дүнгээ өгч дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, Зөвлөлт Казакстаны Алма-Ата, Карганда, Чемкент, Антюбинск, Чайкурк, Баку, Казыкур зэрэг хотуудад жилдээ 35-60 мянган шоо метр зүсмэл нийлүүлж, Гадаад Яамны Монгол Экспорт нэгдлээс шагнуулж байсан.
 
Тус байгууллагаас ажил үйлсээрээ шалгарсан олон алдартнууд төрөн гарснаас дурьдвал /тус лагерьт хянагч, гахайн фермийн эрхлэгч байсан / гахайчин С.Равжаа, Д.Дэнсмаа, мастер Түгж, механикч Төмөр нар БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрыг хүртсэн ба, Монгол Улсын гавъяат хуульч, доктор Р.Оюунбадам, Монгол Улсын гавъяат хуульч, Хууль зүйн ухааны доктор, профессор А.Лхагваа, Хууль зүйн ухааны доктор, хурандаа Б.Алтангэрэл нар тус байгууллагаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсанд бид бүхэн бахархаж байдаг. Мөн хоёр удаагийн дайнд оролцож, эх орон, хойч үеийнхнийхээ эрх чөлөөг хамгаалан тулалдаж явсан тус хорих ангид ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан ахмад дайчин С.Самбаадив, М.Нанзад,  болон эдүгээ энх тунх амьдарч байгаа ахмад дайчин Г.Чогсомжав нар болон Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, Монголын орчуулагчдын холбооны гишүүн, Дэлхийн яруу найргийн академийн редактор, МУСТА, зохиолч, орчуулагч Д.Одонхорлоо нар манай алдартнуудын тоонд зүй ёсоор орох гавъяатай хүмүүс билээ.
 
Хорих лагерьт хоригдож байсан хүмүүсээс өндөр ухамсар, үнэнч шудрага хөдөлмөрөөрөө нэр алдар нь цуурайтсан олон хүмүүс байдгаас хөдөлмөрийн баатар Ганжуур, Паньджунай, Жамбал нарыг дурьдаж болно.
 
Хараа лагерь, ЗХХ-ийн колони, хорих ангийн даргаар:
 
 
 
1.    х/ч Ө.Чулуун
 
2.    Д.Бүрнээ
 
3.    Д.Сүрэнжамц
 
4.    д/х С.Харцага
 
5.    х/а Б.Нацаг
 
6.    д/х Б.Халтар
 
7.    н.Лувсангомбо
 
8.    д/х Л.Чүлтэмсүрэн
 
9.    х/а Л.Лувсанпэрэнлэй
 
10. д/х Б.Гонгор
 
11. х/а Г.Чимэддорж
 
12. Д.Даваадорж
 
13. х/ч Даваахүү
 
14. х/а Л.Ганбат
 
15. х/а Д.Ганболд
 
16. д/х Д.Батаа
 
17. х/а Ж.Сугаржав
 
18. х/а Б.Эрдэнэбат
 
19. х/а Б.Батбаяр
 
20. х/а Ц.Батцоож нарын зэрэг хүмүүс ажиллаж байв. Эдүгээ тус ангийн даргаар хурандаа А.Намсаманд ажиллаж байна.
 
Манай анги эхний хагас жилд:
 
Сэлэнгэ аймгийн Мандал сум дах Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 413 дугаар анги нь ШШГЕГ-аас системийн хэмжээнд 2017 онд “Эрх зүйн орчинг боловсронгуй болгох”-оор дэвшүүлсэн зорилтын хүрэннд МАНАЙ ХАМТ ОЛОН:
 
1.    Шинээр батлагдах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан заавар, журмуудаар алба хаагчдад сургалт зохион байгуулах, хуулийг сурталчлан, хэрэгжүүлэх
 
2.    Үйлдвэрлэлийг эрчимжүүлэн, ялтны ажлын байрыг нэмэгдүүлэх.
 
3.    Алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцлийг сайжруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ахиц гаргах.
 
4.    Санхүүгийн сахилга батыг сайжруулж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах
 
арга хэмжээнүүдийг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
Тус анги нь өнөөдрийн байдлаар 37 офицер, 65 ахлагч, 2 энгийн алба хаагчтай, нийт 104 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаагаас, эрэгтэй 83, эмэгтэй 21, магистр 8, бакалавр 41, тусгай дунд боловсролтой 9, бүрэн дунд боловсролтой 46 алба хаагчтай. 20-35 насны 72, 36-аас дээш насны 32 албан хаагч ажиллаж байна.
 
2017 оны эхний улирлын байдлаар ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажиллаж байгаа 80 алба хаагчийг холбогдох журмын дагуу шагналд тодорхойлон, төр, засгийн болон бусад байгууллагын, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ангийн шагналаар шагнасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30%-иар өгссөн үзүүлэлттэй байна.
 
2017 оны эхний улиралд цэргийн ээлжит цолоор: 13, төрийн дээд шагнал  “Цэргийн хүндэт медаль”-иар 1, бусад байгууллагын шагналаар 9 алба хаагч, ШШГЕГ-ын даргын тушаалаар “Хүндэт ажилтан” тэмдгээр 1 алба хаагч, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 1, “Хүндэт тэмдэг”-ээр 2 алба хаагч,  Албаны төлөө” I, II, III дугаар зэргийн тэмдгээр 5 алба хаагч, “Баярын бичиг”-ээр 1 алба хаагч,  ангийн даргын тушаалаар 66 алба хаагч сарын үндсэн цалингийн 10-40 хүртэл хувиар шагнаж урамшуулан, өмнөх онд ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлан ажилласан Цагдан хорих байрны алба хаагчдыг байгууллагын зардлаар ОХУ-ын Буриадын Улан-Үд хотоор аялуулж, албанаас шагнал урамшуулалд нийт 5170,0 төгрөг зарцуулсан байна.
 
Хүний нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд орон нутгийн телевиз, мэдээллийн хэрэгслээр ажлын байрны зар явуулж, ажилд орохыг хүссэн 8 иргэнээс монгол хэл бичгийн дүрэм болон, найруулга зүй, бие бялдрын шалгалт авч, ярилцлага явуулан, 3 иргэнийг ХСИС-ийн Ахлагчийн сургуульд суралцуулж байна.
 
2017 оны эхний улирлын байдлаар 1 алба хаагч  ХСИС-ийн магистрантурт, ШШГС-д  эрх зүйч мэргэжлээр 2 алба хаагч эчнээ ангид суралцаж байна.
 
Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх албаны сургалтын төлөвлөгөөний дагуу “Авлигаас урьдчилан сэргийлэх, ангид байх”, “Үр дүнгийн гэрээ байгуулах аргачлал, хэрэгжилт, дүгнэх журам”, “Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, түүний хор уршиг”, “Захиргааны ерөнхий хууль”, “Зөрчлийн тухай хууль”, Шинээр батлагдаж байгаа “Эрүүгийн хуулийн тухай ойлголт”, “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”, Хүний эрхийг хангах чиглэлээр батлагдсан ОУ-ын гэрээ, конвенц болон хүччин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн талаарх ойлголт”, “Монгол хэл бичгийн мэдлэг сайжруулах” зэрэг сэдвээр 12 цагийн сургалтыг Мандал сумын Цагдаагийн хэлтэс, Сум дундын Прокурорын газар, Сум дундын шүүх, Мандал сумын ЕБ-ын I сургуулиудтай хамтран зохион байгууллаа.
 
2017 онд тохиох тус хорих ангийн түүхт 80 жилийн ойн нэрэмжит Спортын 10 төрөлт тэмцээнийг нийт бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулж, нэгдсэн дүнгээр тэргүүн байр эзэлсэн нийгмийн ахлах ажилтан, дэслэгч Э.Ууганбаяр даргатай багийн хамт олныг байгууллагын зардлаар “Монгол орны байгалийн үзэсгэлэнт газраар аялах ЭРХИЙН БИЧИГ”-ээр шагнаж урамшууллаа.
 
Ангийн удирдлагын зүгээс ахмад ажилтан, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарал тавьж, эхний улиралд ар гэрийн гачигдал гарсан 3 албан хаагчид цалинтай чөлөө олгож, 1 албан хаагч, 36 ахмад настанд нийт 15 м3 галын түлээ, 4 тонн нүүрс, хүнсний болон ахуйн хэрэглээний зүйлсээр тусламж үзүүлэн, 12 албан хаагчийн цалингийн шатлал, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг зохих журмын дагуу нэмэгдүүлэн олгож, сар шинийн баяраар 70-аас дээш настай 27 ахмад настанд хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардуулсан байна.
 
Мөн ангийн түүхт ойг угтаж Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Мандал суманд үйл ажиллагаа явуулж буй “Ханжи-Оч” лабораторитой хамтран 80 алба хаагч, 50 гаруй ахмад настанг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, шинжилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа.
 
Ангийн санхүүгийн алба нь 2017 оны 1-р улирлын байдлаар батлагдсан төсвийн хуваарийн дагуу 413679,5 төгрөгийн урсгал санхүүжилт, эргэлт уулзалтын орлого 484,0 төгрөг, урамшууллын орлого 1542,0 төгрөг, үйлдвэрлэлийн борлуулалтын орлого 10861,5 төгрөг үндсэн бус үйл ажиллагааны бусад орлого 3660,1 төгрөг цайны газрын орлого 945,0 төгрөг, нийт 25401,6 төгрөгийн  орлоготой ажиллаж, орлогыг зориулалтын дагуу зарцуулсан болно.
 
Энэ хугацаанд давхардсан тоогоор 25  ялтанд нийт 968,1 төгрөгийн цалин бодогдож, хохирлын төлбөрт давхардсан тоогоор 281 ялтны 1736,3 төгрөгийг  төлбөрт шилжүүлсэн байна.
 
Тооцооны нягтлан бодогч долоо хоног бүрийн 1 дэх өдөр  ялтнуудад нэрийн дансны үлдэгдлийг танилцуулж, сар бүр цалингийн талаар мэдээлэл өгч ажиллаж байна. Мөн долоо хоногт нэг удаа мөнгө авах эрх бүхий ялтнуудад нэрийн дансны үлдэгдлээс бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн 10 хувьтай тэнцэх мөнгийг зохих зөвшөөрлийн дагуу  олгож хэвшсэн. Мөн Хаан банктай хамтран ажиллаж ялтнуудад бэлэн бусаар тооцоо хийх, төлбөрийн карт ашиглах цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж эхлээд байна.
 
 
 
Харуул хамгаалалтын чиглэлээр:
 
Ангийн харуул хамгаалалтын алба нь дэд бөгөөд гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн тасгийн даргын удирдлаганд гүйцэтгэх ажил, гадна хамгаалалт, цагдан хорих байр, тоо бүртгэл, эмнэлэг, холбоо дохиолол, нийгэм, сэтгэл зүйн алба, харуул хамгаалалтын ээлжүүд сэжигтэн, яллагдагч, хорих ял эдлэгсдийн харуул хамгаалалтыг зохион байгуулж, эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хуульд заасан ахуй нөхцлөөр хангах, тэдний дундаас гэмт хэрэг, учрал, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хүлээн ажиллаж байна.
 
ШШГЕГ-ын даргын тушаалаар батлагдсан “Ухаарал” хөтөлбөрийн хүрээнд “Випашяна” судлалын төвийн багш Б.Ширэндэвтэй хамтран хүмүүжигчдийг бясалгалд хамруулах сургалтыг 2017 оны 02 дугаар сарын 05-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
 
Бясалгалд нийт 201 хүмүүжигч, 3 албан хаагч амжилттай хамрагдсан ба цаашид ял эдлэгсдэд бясалгалаа үргэлжлүүлэн өглөө, орой тогтмол цагт хийж байхаар ангийн дотоод цагийн хуваарьт нь тусгаж өгсөн.
 
Хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдөр албаны удирдлага болон албаны бие бүрэлдэхүүн нийт ялтнуудад хүндэтгэл үзүүлэн, ялтны амьдралын бүсэд орж, нийт ялтнуудтай золголт хийж, ял эдэлж буй өндөр настай ялтнуудад хадаг, цаг тооны бичиг, цайны идээ бүхий гарын бэлэг гардуулан, хүндэтгэл үзүүлсэн.
 
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр:
 
Тасгийн дарга бөгөөд ахлах гүйцэтгэгч 1, шийдвэр гүйцэтгэгч 2 орон тоотойгоор 79-р тойрог, 80-р тойрогт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна.
 
        Шийдвэр гүйцэтгэлийн 79 дүгээр тойрогт: Баянгол сумын 1,2,3 дугаар багууд , Мандал сумын 2.3,7,9 дүгээр баг хамрагдах ба нийт 16200 мянган хүн амтай. 137-н ААНэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг.
 
      Шийдвэр гүйцэтгэлийн 80 дугаар тойрог: Мандал сумын 1,4,5,6,8 дугаар багууд тус тус хамрагдах бөгөөд нийт 13980 мянган хүн амтай. 263 гаруй ААНэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.
 
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдсон санал, өргөдөл гомдлыг шуурхай барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй шударга явагдах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ